Хүүхэддээ хэрхэн зөв дадал зуршил суулгаж болох вэ?

ZolzayaL
4 min readFeb 28, 2020

--

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулав. Өөртөө хэрэгжүүлсэн амжилттай туршлагаа хуваалцъя.

Бурхан минь, он гарсанаас хойш дандаа л өөрийн номтойгоо холбоотой блог бичсэн байна. Залхсан уу? :) Одооноос өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж буй сайн туршлага болон сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж байя. Ямар нэгэн юм бичихгүй болохоор их хэцүү юм.

Короногийн ачаар хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх боломж олдсон нь сайн хэрэг. Бид хоёр хүүтэй юм. Нэг нь 7 настай, нөгөөх нь 5 настай. Ингээд хүүхдүүд маань биднийг байхгүйд өдрийг хэрхэн яаж өнгөрүүлдэг байсныг анзаарсан хэдэн өдөр жоохон бухимдал төрсөн гэхүү дээ.

Ер нь бол зурагтийн сувгийг хашраадаг бололтой. Кино сангаас хүүхдийн болон хүүхэлдэйн кинонуудыг бүгдийг нь үзсэн байв. Гэртээ их л уйддаг бололтой.

“Ямар их цаг завтай сайхан залуу нас вэ?” л гэж бодогдсон шүү. Жоохон ч гэсэн үр дүнтэй өнгөрүүлдэг бол хичнээн гоё вэ?

Тэр үед үзэх дуртай киноны нэг үг санаанд оров. “Бид хэнээс ч илүү биш, хэнээс ч дутуу биш. Асуудлын гол нь зуршилд л байгаа юм! ”

Бид багаасаа буруу дадалтай болж өсчихөөд том болсон хойноо өөрсдийгөө зөв дадалтай болгох гэж их зүдэрдэг шүү дээ. Яагаад багаас нь зөв дадал суулгаж болохгүй гэж? гэж бодоод арга хэмжээ авахаар шийдсэн нь ер бусын гайхалтай үр дүнг өгсөн билээ.

Би дараах зүйлсүүдийг хийдэг байгаасай гэж хүүхдүүдээсээ хүсч байлаа.

  1. Өглөө босоод хүүхдүүд маань ороо хураачихдаг байх хэрэгтэй.
  2. Өглөө босоод 1 аяга буцалсан ус уучихдаг байх хэрэгтэй.
  3. Кино үзэж болно. Гэхдээ англи хэл дээр. Учир нь би одоогоор өндөр төлбөртэй хэлний сургуульд явуулж чадахгүй, бас хүсэхгүй байгаа тул бие дааж хэл сурах ёстой.
  4. 1-р ангид орсон ах нь өдөр бүр заавал даалгавраа хийх хэрэгтэй. Юм хуулж бичих, бас ном унших ёстой.
  5. 5 настай хүү маань уншиж чадахгүй тул заавал ээжээрээ юмуу ааваараа ном уншуулдаг байх.
  6. Өдөр бүр 15 минут бясалгал хийж сурах хэрэгтэй. (Энэ тухай, хэрхэн амжилттай хэрэгжсэн талаар маш гоё туршлагаа дараа бичнээ. Гарсан үр дүн гайхамшигтай.)

Эдгээр 6 зорилгыг өөртөө тавиад маш амархан аргаар ажил хэрэг болгож чадсан бөгөөд, дадал болчихсон зүйлийг нь хасаж, өөр зорилгууд оруулж байв.

Ингээд, Өмнөх орой нь тэдний хийх зүйлсийг жагсааж бичээд, ард нь зургийг нь дүрслэн зураад, өглөө нь ажилдаа явахдаа, юмуудаа хийхийг сануулдаг байлаа. (Бясалгалыг орой хамтдаа хийгээд шууд унтдаг тул өглөө нь босоод дээгүүр нь дарж зурдаг.)
Бичиж өгсөн зүйлийг өөрсдөө наах нь чухал бөгөөд тэд өөрсдөө үүнийг хүсч, өөрсдөө наасан гэсэн мэдрэмжийг төрүүлэх нь чухал юм. Ээж нь хийх зүйлсийг нь биччихлээ, одоо хаалган дээрээ наагаарай! гэхэд үсэрч гүйж ирээд л хичнээн дуртай наадаг гээч.

Бусад эцэг эхчүүд ч бас өөрдсийнхөө хэвшүүлэхийг хүссэн дадлуудыг бичээд туршаад үзээсэй гэж хүссэн юм. Ингэснээр хүүхдээ багаас нь зорилготой болгож, өдрийг бүтээмжтэй өнгүүлдэг болж сургах суурь дадал гэж бодсон юм. (Та бүхэнд өөр гоё туршлага байгаа бол надад бас хуваалцаарай)

Миний хийсэн зүйл бол ердөө л ToDoList гаргаж өгсөн. Тэгээд нойлынхоо өрөөний хаалга дээр, тэдний нүд тусах газар нааж өгсөн. Өөрөө наах ч биш, өөрсдөөр нь наалгуулсан. Тэгээд л болоо. Тэгээд ингэж хэлсэн. “Ээж аав хоёрыгоо ажлаас нь ирэхэд дээрх зүйлсийг хийчихсэн байгаарай. Шагнана шүү!”(Өгөөш өгөх аргаар нөлөөлөх хөшүүрэг ашигласан. Шагнана гэдэг үг хүчтэй нөлөөлсөн байх гэж бодсон)

Эхэндээ бичихээр ойлгохгүй байж магадгүй гэж бодоод хийх зүйлсийг нь зурчихаад ямар утгатайг нь тайлбарлаж өгдөг байлаа. Сүүлдээ харин бичдэг болсон бөгөөд, бага дүү нь уншиж ойлгохгүй зүйлээ ахаасаа асуугаарай гэж хэлдэг болсон. Багийн ажиллагаанд сургах гээд…

Орой ирэхэд бүгдийг нь хийгээд дээгүүр зурчихсан, хийсэн зүйлсээ шалгуулах гээд зогсож байв. Эхний өдөр гоё амттай зүйлсээр шагнав. Дараа өдөр нь ч бас үр дүнтэй байв. Дараа өдөр нь ч бас хийчихсэн л байв. Хөвгүүдийн хувьд хийсэн гэдгээ бататгаж дээргүүр зурах нь тэр өдрийн зорилго болж хувирсан бөгөөд бүгдийг нь хурдхан амжуулчихаад шагнал авахдаа яардаг байв.

Бүүр анхны өдрийн зураг юм шиг байна.

Дахиад амттан өгөх гэтэл, “Дараагийн удаа амттан битгий авч ирээрэй. Шүдэнд муу! Арай өөр зүйл авч ирээрэй гэв”. За тэгье ээ гэж хэлэхдээ нилээд бантсан шүү. Айхтар байна шүү! энэ хүүхдүүд үү!

Ингээд тэднийг илүү бүтээлч байлгах зорилгоор зургийн дэвтэрнүүд, гуашнууд, илүү хөдөлгөөнтэй байлгах зорилгоор дээс, шоо, бас өрдөг аяга, баримлын шавар гэх мэт зүйлсийг авч өгөв.

Сүүлдээ яасан гээч, сүүлдээ юу ч өгөхөө больсон. Тэд зүгээр л юмаа хийдэг болсон. Ямар ч шагнал авахгүйгээр шүү дээ.

Дадал болгосон зүйлс:

  • Өглөө бүр ус уудаг
  • Өглөө бүр барагшуун ууж байгаа (Дархлаа дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор)
  • Өглөө бүр ороо хураадаг болсон
  • Орой бүр бясалгал хийдэг болсон
  • Том хүү маань өдөр бүр хуулан бичлэг хийдэг бөгөөд бичгийн хэв нь сайжирч байгаа.
  • Бага хүү маань ном уншиж өгөхийг биднээс шаарддаг болсон. Учир нь түүний хийх ёстой ажлын жагсаалтанд байгаа шүү дээ. :) Энэ үед ах нь ирж сонсоно.
Аавын ээлж…

Дараагийн блогоор яагаад бясалгал хийлгэдэг болсон тухай, хэрхэн яаж маш амархан дадал болгож чадсан тухай, тэр нь ямар гайхалтай үр дүнд хүргэсэн тухай хуваалцаж болох юм. Мэдмээр байна уу? :) Тийм бол лайк, шэйр хий гээд байдаг билүү яадаг билээ… за за ямартаа ч бичнээ.

--

--

ZolzayaL
ZolzayaL

Written by ZolzayaL

Сторителлер — Миний мартахыг хүсээгүй дурсамжууд… (Хувь хүний хөгжлийн блог буюу яг үнэндээ бол миний өөрийн сурсан мэдсэн, туулсан зүйлсийн тэмдэглэл)

No responses yet