12 -р сарын сүүлээр тренд болсон The Soul гээд анимэйшн үзээд, дахин нэг үзээд, дараа бас дахин нэг үзсэний учир нь тэр олон гайхалтай дүрүүдээс хэн нь яг БИ вэ? аль нь надтай илүү төстэй амьдарч буй дүр вэ? гэдэг асуултанд хариултаа бүрэн олохыг л хүссэн учраас байв. Ер нь бол өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсч байлаа.
Хувийнхаа бизнесийг хийж буй Joe -ийн ээж үү? Дуртай жазз хамтлагтаа хөгжим дарж буй Joe-ийн найз уу? Эсвэл хийж буй ажлаасаа таашаал авч чаддаггүй, амьдарлаасаа илүү том зорилго утга учир, хүсэл мөрөөдөл хайж буй Joe надтай илүү төстэй ч юм уу?
Гэхдээ аль нь ч БИ биш байсан билээ. Эдгээр дүрийн аль нь ч миний сонирхолыг тэгтлээ их татсангүй. Дугаар 22 ч БИ биш байв. Гэхдээ л энэ кинон дээр таалагдахгүй байсан Lost Souls гэдэг дүрүүд хальт гарч өнгөрсөн нь миний анхаарлыг илүүтэй татаж байсан юм. Гэхдээ тэнд ч бас БИ байсангүй, байзаараа, байсан ч билүү…
Lost souls гэж нэрлэгдсэн эдгээр хүмүүс хийж буй ажилдаа хэт донтсон, өөрсдийгөө жинхэнэ амьдарлаас тусгаарласан, аз жаргал таашаал гэдэг зүйлийг мэдэрхээ больчихсон, сэтгэлийн түгшүүртэй, хийж буй зүйлдээ хэт автсан буюу Obsessed болсон хүмүүсийг хэлдэг аж.
Эдгээр хүмүүс нь ажилдаа дурлаж, таашаал авдаг хүмүүсээс эсрэг шинж чанартай. Заримдаа бид цаг хэд болсныг ч үл анзааран ажилдаа дурлан, төвлөрдөг шүү дээ. Тэр л мөчид байх нь үнэхээр гайхалтай.
Гэвч Lost Souls бол хийж буй зүйлдээ хэт автаж, донтсон хүмүүс аж. Хэдийгээр эхэндээ Zone -доо байсан ч тэр нь хэрээс хэтрэх үзэгдэл болдог байх нь. Тийм боломжтой гэдэг нь миний амьдралаар батлагдсан билээ.
Ер нь эргэн тойрноо сайн анзаарвал ийм хүмүүс багагүй харагдаж байв. Ажил ажил ажил, ажил гэсэн л хүмүүс. Заримдаа бүх зүйл бүтэхгүй байна! бла бла бла бла… Өөрийгөө ч, бусдыг ч буруутгана! Өөртөө ч, бусдад ч хэт хатуу хандаж шүүмжлэнэ. Ер нь ингэж хатуурхаж амьдрах хэрэг байна уу даа?
Сүүлийн гурван жил “Lost Soul” болж хувирчээ… Үгүй байлгүй дээ. Яагаад ийм зүйл болчих воо?!
2017 онд “Good to Great” буюу “Сайнаас Агууд” гэдэг менежментийн ном уншаад нэг зүйл ойлгосон нь Агуу байх нь Сайн байхаас ч илүү амархан юм байна гэдэг бодол байв. Тэгээд л Агууд тэмүүлэх балай зорилго тавьсанаас зовлон эхэлсэн аж. Бодит байдалд тэнд очих супер хол байлаа… Ер нь компаниа Great болгохыг л хүсч байлаа. Гэвч болж өгөхгүй байснаас болж Obsessed болж эхэлжээ… гэдгээ ойлгосон юм.
Ингээд л БИ өөрөө Lost Soul болчихсон мэдрэмж авсанаар энэхүү киногоо эхний удаадаа дуусгаж билээ…
Дугаар 22 — Lost soul болчихоод өөртөө дараах үгсийг байнга л хэлнэ.
“Чи ухаантай биш, чи шударга биш, би хангалттай биш, чи хувиа хичээсэн, хэн ч чиний дэргэд байхыг хүсэхгүй. Дэлхийд илүү гайхамшигтай хүмүүс л хэрэгтэй. Харин чи бол тийм ч гайхалтай биш. Чи дуртай зүйлээ хэзээ ч олж чадахгүй, тэнэг амьтан. Би чамд тусалж чадахгүй. Энэ бүхэн цагийн гарз,Чи үнэхээр хангалттай биш! Чамд зорилго байхгүй!”
Өөрийгөө цаг үргэлж ‘хангалттай биш’- ээр мэдэрч байдаг нь Obsessed болсны дохио ажээ. Та хэрвээ тийм мэдрэмж авсан бол одоо болих хэрэгтэй. Энэ киног үз, бодлоо өөрчил.
Гэвч кинон дундуур олон гайхалтай философийн зөвлөгөөнүүд гардаг.
Тэрний нэгийг жазз дуучин маань Joe -д тайлбарлаж өгдөг. Учир нь Жое амьдралынхаа турш хүсэж мөрөөдөж байсан зорилгодоо хүрч, алдартай дуучинтай хамт тоглолт хийнэ.
Анхны үзүүлбэрээ дуусгаад, би энэ цаг мөчийг бүх л амьдралын турш хүлээсэн. Гэхдээ би арай өөр зүйл мэдрэнэ гэж бодсон юмсан гэхэд, алдартай дуучин түүнд хандаж:
-Би нэгэн загасны тухай түүхийг сонсож байсан юм аа Жое, ярьж өгье.
-Нэгэн залуу загас арай ахмад загас дээр очоод ингэж хэлжээ:
-Би далай гэдэг газарт очиж үзэхийг хүсч байна.
-Далай юу? гэж гэж ахмад загас нь гайхангуй асуугаад, чи яг түүн дотор л байна шүү дээ гэжээ.
-Энэ үү дээ? гэж залуу загас асуугаад, энэ бол ус. Миний хүсээд байгаа зүйл бол ДАЛАЙ гэж хариулжээ.
Заримдаа хүн хүссэн зүйлдээ хүрсэн ч түүнийгээ анзаардаггүй, мэдэрдэггүй, ойлгож ухамсарладаггүй аж…
Киноны хамгийн төгсгөлд:
Жое-г биедээ буцаж ороод юу хийнэ гэж бодож байна даа? Амьдарлаа хэрхэн өнгөрүүлэх гэж байна даа? гэж асуухад
-Би яг ч сайн мэдэхгүй л байна. Гэхдээ нэг л зүйлд итгэлтэй байна. Би амьдралын хором мөч бүрт амьдрах болно.” гэж хариулаад кино дуусдаг.
Би ч бас… ингэж бодоод өөрийн компьютерын “Just great” хэмээх гурван жил солиогүй нууц үгээ “Just enjoy” болгож өөрчилсөн билээ. Өглөө бүр би компьютерээ дэлгээд нууц үгээ оруулах бүрт “Just enjoy” байхын төлөө амьдрах ёстойгоо ухаардаг болсон. Амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг л хайж, мэдэрхийг хичээж явна даа…
Та бүхэн минь ч гэсэн амьдарсан шиг, хором мөч бүрээ мэдэрч, жаргаж амьдраарай. Хичээвэл болдог л юм байна. Болох зүйлс болдгоороо л болно, болохгүй зүйл болдгүйгээрээ л болохгүй! гэдэг үг байдаг даа…
JUST ENJOY THE LIFE! ENJOY THE SHOW!
Best regards,
Zoloo